Дорноговь мал эмнэлэгийн газар

Дорноговь аймаг мал эмнэлгийн газар

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Аймаг байгуулах түр хороо 1931 оны 5-р сарын 20-23-ны өдрүүдэд Ардын төлөөлөгчдийн анхдугаар их хурлыг одоогийн Алтанширээ сумын нутаг Сайн-Усны баруун дэнж дээр зохион байгуулж Дорноговь аймгийг байгуулах асуудал хэлэлцэн аймаг байгуулах түр хороог татан буулгаж, аймгийн яамдыг ерөнхий болон цэрэг, санхүү, мал тариалангийн гэсэн 4-н хэлтэс байгуулснаар Дорноговь аймаг анх байгуулагдсан юм.
Энэ үед Дорноговь аймаг 160724 ам км нутаг дэвсгэртэй 23 сум, 415 хорин, 8300 өрх, 26,5 мянган хүн амтай, аймгийн хэмжээгээр бүгд 808,2 мянган толгой малтай байсны 108,0 мянга нь тэр үед байсан 142 сүм хийдийн мал байжээ.
МАХН-ын Төв хорооны 1931 оны 15-р тогтоолоор Дорноговь аймагт мал эмнэлэг байгуулахыг Ерөнхий Сайдын 1-р орлогч Сайд Х.Чойбалсанд даалгасаны үндсэн дээр Дорноговь аймагт 1933 оноос анхны мал эмнэлгийн байгууллага Зөвлөлтийн мэргэжилтэн их эмч 1, үндэсний бага эмч 2, сестра 3-тайгаар байгуулагджээ.
1933 оноос Зөвлөлтийн мэргэжилтэн малын их эмч н.Новогишьянов, 1934 оноос малын их эмч н.Шеварасов 1936-1940 онд малын их эмч Васкрирайна ахлах бага эмч Амосова нар ажиллаж байсан нь анхны орос малын эмч нар юм.
Аймгийн Мал эмнэлгийн тасгийн даргаар 1940-1943 онд малын бага эмч Содном, 1943-1947 онд малын бага эмч Д.Галдан, 1947-1952 онд малын их эмч Ц.Ишням нар тус тус ажиллаж байсан нь малын анхны их бага мэргэжилтэй дарга нар юм.
Засгийн газрын 1998 оны 198-р тогтоол, Төрийн өмчийн хорооны 141-р тогтоолын дагуу 1999 оноос сумдын Мал эмнэлэг үржлийн алба УҮГазруудыг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар хувьчилснаар 14 сумын МЭҮА-ыг 11 их эмч, 2 мал зүйч, 1 бага эмч, 0,4-4,9 сая төгрөгөөр хувьчилж авсан.
Аймаг 1997 оноос бүх багийн эмчийг хувиараа мал эмнэлгийн үйлчилгээ хий гэж орхисноос тухай үед 30 гаруй эмч хувиараа мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэхээр зориглон орсон боловс 1998 онд 6 эмч л хувиараа мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэхээр үлджээ.
ХХАҮ-ийн Сайдын 1998 оны А/28 тоот тушаалыг хэрэгжүүлэх үндсэн дээр аймгийн Засаг даргын 58-р захирамжаар аймгийн Мал эмнэлгийн газар, Мал үржлийн алба татан буугдаж 1998 оны 3-р сарын 05-ны өдрөөс дээр хоёр байгууллагыг нэтгэн аймгийн ХАА-н газрыг байгуулж даргаар нь малын их эмч Гэндэнгийн Төмөртийг томилжээ.
Аймгийн Засаг даргын 1998 оны 12-р сарын 275 тоот захирамжаар ХААГ-ын бүтэцээс МЭАЦ-ийн лабораторийг 1999 оны эхнээс салгажээ.
2003 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнийн жагсаалт орон нутагт анх удаа шинэчлэгдэн батлагдав.
Энэ хугацаанаас хойш зарим сумдад хувийн мал эмнэлгүүд шинээр үүсэн байгуулагдаж МЭҮА-ууд аж ахуйн зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн хувиараа мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг 25 аж ахуй нэгж салбартай болж, эдгээрт бүгд 31 эмч, мэргэжилтэн ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/174 дүгээр тушаалаар Хүнс хөдөө аж ахуйн газраас Мал эмнэлгийн газар болж байгуулагдав. Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар нь одоо Захиргаа, санхүүгийн алба, Мал, амьтны эрүүл мэндийн алба, Мал эмнэлгийн лаборатори, 14 сумын Мал эмнэлгийн тасаг гэсэн нэгжтэйгээр 46 хүний бүтэц оронтоотой ажиллаж байна.